ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

ЭМГЭНЭЛ

ДОЛГОРЫН ЧОЙЖИЛЖАВ

(1939-2015)

Монгол Улсын Зөвлөх архитектор, Төрийн соёрхолт, Гавьяат барилгачин, ахмад архитектор Д.Чойжилжав зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, манай архитектор, зураг төсөл зохиогчид, барилгачдад хүнд гарз тохиолоо. Д.Чойжилжав 1939 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Бага хөшиг” гэдэг газарт малчин Долгорын 4 дахь хүү болон мэндэлжээ.Д.Чойжилжав Нийслэлийн 10 жилийн 3 дугаар сургуульд 1948-1957 онд суралцаж, улмаар 1957-1964 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Архитектурын дээд сургуульд  суралцаж, хот төлөвлөгч архитектор мэргэжил эзэмшжээ.

Д.Чойжилжав1964 онд Улсын барилгын зургийн төв институтийн Ерөнхий төлөвлөгөөний товчоонд архитектороор орж,  хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тэрбээр 1964-1966 онд дээрхи товчоонд архитектор,1966-1968 онд Монгол Болгарын хамтарсан зургийн группын ахлагч,1968-1977 онуудад тус институтийн орон сууц, иргэний барилгын зургийн товчоонд ахлах архитектор, товчооны дарга,1978-1981 онд нэг маягийн зургийн товчоонд группын дарга, зургийн ерөнхий архитектор,1981-1989 онд Орон сууц, иргэний барилгын зургийн товчоонд ахлах архитектор,1989-1999 он хүртэл архитектурын “Мон-Ар” ХХК-д зөвлөх архитектороор ажиллаж байв.

Д.Чойжилжав ажиллах хугацаандаа Улаанбаатар хотод баригдсан Статистикийн төв газрын контор, Их тэнгэр дахь “50-1” Харшийн засвар, орон сууц, Дархан хотын 50 ортой зочид буудал, Дорнод аймгийн Хамар Даваанд босгосон Халх голын дайны ялалтын хөшөө, аймаг, сумдын ерөнхий төлөвлөгөө зэрэг манай улсын архитектур, хот байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан 100 гаруй объектын зураг төслийг зохиосон манай авьяаслаг архитекторуудын нэг юм.

Архитектор Долгорын Чойжилжавын ажил хөдөлмөр, уран бүтээлийг Монгол Улсын төр, засаг өндрөөр үнэлж,Ардын Хувьсгалын 50,60,70,80 жилийн ойн медаль,1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1979 онд Монгол Улсын Гавьяат барилгачин, 1986 онд Монгол Улсын Төрийн Соёрхолыг тус тус хүртээв.

Д.Чойжилжавын бүтээлүүд нь архитектурын шилдэг бүтээлд олгодог Монголын Архитекторуудын Эвлэлийн  нэрэмжит шагнал, Зөвлөлт Холбоот Улсын  Е.Вутечитийн нэрэмжит шагналыг олгосон юм.

Д.Чойжилжав нь 1965 онд Монголын Архитекторуудын Эвлэлд гишүүнээр элссэн, залуу архитекторуудыг халамжлан хүмүүжүүлэгч, хамт олондоо нэр хүндтэй, туйлын ажилч хичээнгүй, хөдөлмөрч, архитектор байсан юм. Талийгаачийн бүтээлүүд, нөхөрсөг, тусч зан чанар хойч үедээ мөнхрөн үлдэх болно. Бидний дотны нөхөр Д.Чойжилжав таалал төгссөнд түүний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

 

Монголын Архитекторуудын Эвлэлийн Удирдах Зөвлөл.

Монголын Архитекторуудын Эвлэлийн ахмадын зөвлөл.

Монголын Архитекторуудын Эвлэлийн хамт олон.

2016-01-11
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 45
  • Сүүлийн 7 хоногт: 460
  • Энэ сард: 753
  • Нийт: 68040

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC