Япон архитекторуудын “Орчин үеийн гэр” үзэсгэлэн гарлаа

      

    Монголын Архитекторуудын Эвлэлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 9 дүгээр сарын 25-ны өдөр Япон архитекторуудын “Орчин үеийн гэр” уран бүтээлийн үзэсгэлэн олон нийтэд хүрлээ. Үзэсгэлэнгийн үеэр Ли Ён Ил, Ёоичиро Хаяаши, Такаши Манда, Кэнтаро Такэгүчи, Кей Кайхо нарын Япон уран барилгачдын төслийн танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг явагдсан юм.

        “Орчин үеийн гэр” үзэсгэлэнг нээж  Кэнтаро Такэгүчи төслөө танилцууллаа. Тэрээр 1994 онд Киотогийн их сургуулийн Архитектурын сургууль төгсөөд 1995-1996 онд Английн архитектурын холбооны их сургуульд мэргэжлээрээ суралцаж байжээ. 1998 онд Киотогийн их сургуулийн Архитектурын сургуульд магистрын зэрэг хамгаалж, 1998 онд “Алфавилл архитектс” –ийг Асако Ямамототой хамтран байгуулсан бөгөөд 2012 оноос Осакагийн Сангёо их сургуулийн дэд профессор болсон байна.

       Түүний танилцуулсан эхний төсөл нь нэг өрөө орон сууцны тохижилтын ажил байлаа. Японы нэг өрөө орон сууц нь хооллох хэсэг бүхий гал тогоо болон угаалтуур, суултууртай ариун цэврийн өрөөнөөс бүрддэг байна. 30 м2  талбай бүхий нэг өрөө орон сууцыг тохижуулахдаа нийтийн орон зай төв хэсэгтээ байрлаж, хувийн орон зайг гүйдэг хаалгаар тусгаарлан, оршин суугчдыг байгаль орчинтой холбохын тулд том цонхтой байхаар төлөвлөжээ. Дотоод засалд цагаан өнгийг сонгосон нь өрөөг том цэлгэр харагдуулах бөгөөд угаалгын өрөөнд Японы дэн буудлууд өргөн хэрэглэдэг хямд өртөг бүхий босоо шүршүүр, саун хүртэл суурилуулж өгсөн байна.

Кэнтаро Такэгүчи архитекторын дараагийн төсөл нь Христийн сүмийн барилгын ажил байлаа. Захиалагч нь орчин тойрноосоо содон харагдахуйц барилга урлаж өгөхийг хүссэн байна. Энэхүү барилга нь Пастерын амьдрах сууц, Сүм, Чуулганы заал гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Барилгыг даацын баганууд дээр байрлуулж, доод талд нь машины зогсоолыг шийджээ. Сүмийн барилгын хамгийн сонирхолтой хэсэг нь дээвэр юм. Дээврийг тэгш бус, хөрөөний ир хэлбэрээр хийснээр барилгын дотор талд, аль ч  хэсэгт байгалийн гэрэл хангалттай нэвтрэх боломжийг олгосон байна.

  Япон архитекторуудын танилцуулах сүүлчийн төсөл нь мэдээж “Орчин үеийн гэр” төсөл байлаа. Монгол гэрийн хийц, мөн чанар, зохион байгуулалт юутай ч харьцуулшгүй гайхалтай төгс болохыг Япон архитекторууд онцолж байсан юм. Архитектор Кэнтаро Такэгүчи Орчин үеийн гэр төслөө танилцуулахдаа эсгий дулаалгын оронд Америкийн Одон орон судлалын хүрээлэн /НАСА/-ийн зохион бүтээсэн гэрэл хагас нэвтрүүлдэг дулаалгын материал хэрэглэвэл өвөл зуны улиралд гэрийн хүйтэн дулааныг байгалийн аргаар хянах боломжтой гэсэн санааг дэвшүүлсэн.

       Түүний дараагаар архитектор Ёоичиро Хаяаши төслөө танилцуулав. Лондонгийн Эдийн засгийн их сургуульд хотын дизайн, Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан  тэрээр Киото хотод байрладаг NAAD архитектурын фирмийн захирал бөгөөд шинэлэг, урлагийн бүтээл болохуйц нийгмийн ач холбогдолтой архитектурыг бий болгох зорилготой ажиллаж байгаа гэлээ. Мөн тэрээр Токио болон Киотогийн их сургуульд хуулийн чиглэлээр цол зэрэг хүртсэн байна. Түүний танилцуулсан эхний төсөл нь хуучны модон барилгыг засварлаж шинэчлэх ажил байлаа. Урт нарийхан хуучны модон барилгыг сэргээн засахдаа газар хөдлөлтөд тэсвэрлэх чанарыг сайжруулах үүднээс барилгын тодорхой хэсгүүдэд даацын хавтан суурилуулж, дотор талыг цэлгэр уужим харагдуулахын тулд хана, таазыг цагаан өнгөөр будсан байна.

Дараагийн төсөл нь мөн л эртний модон барилгыг засаж шинэчлэх ажил байсан бөгөөд захиалагч нь түр оршин суух учраас ашиглах зориулалтыг нь яаж ч өөрчилж болохоор хийх ёстой байжээ. Ингээд дан байгалийн модон материал ашиглаж, хуучны хэв маягийг нь эвдэхгүйгээр орчин үеийн гоёмсог барилга болгон шинэчилсэн байна.

Архитектор Ёоичиро Хаяаши “Орчин үеийн гэр” төслөө танилцуулахдаа Улаанбаатар хотын хүн амын огцом өсөлт ба гэр хорооллын тэлэлт нь тулгамдсан асуудал болоод байгаа учир гэр хорооллыг дэд бүтцээр хангах шаардлагатай. Тиймээс гэрийн уламжлалт шинж чанарыг хадгалахын зэрэгцээ нийтийн орон сууц ба гэрийг уялдуулах төлөвлөлтийн шийдлийг дэвшүүлж байна гээд гэрийн хананаас санаа авсан загвараа үзүүлсэн юм.

         Архитектор Кэй Кайхогийн танилцуулсан эхний төсөл бол тамхины худалдааны цэг. Японы Киото хотын хөл хөдөлгөөнтэй худалдааны гудамжинд байрлах тамхины худалдааны цэгийг ойр орчны өндөр сүрлэг барилгуудаас ялгарч харагдуулахын тулд хоёр давхар цагаан өнгөтэй байхаар төлөвлөжээ. Нэг давхарт байрлах ховор нандин тамхинаас сонголт хийн худалдаж аваад хоёр давхарт байх нийтийн эзэмшлийн хэсэгт гарч гудамжин дахь бусад хүмүүст саад болохгүйгээр тамхилах боломжтой гэнэ.  Бүрээсийг загас барихад хэрэглэдэг тусгай торон материал ашиглан, гараар оёж хийсэн бөгөөд тороо тогтоох баганыг нүүрстөрөгчийн давхар ислээс гаргаж авсан металаар хийсэн тул хөнгөн, бат бөх болсон гэлээ. Мөн торон бүрээс нь салхины нөлөөллийг багасгахын зэрэгцээ тамхины утааг шүүж, орчны агаар бохирдохоос сэргийлэх үүрэгтэй аж.

Түүний танилцуулсан дараагийн төсөл нь Токио хотын далайн эргийн ойролцоо байгуулах хиймэл арлын төсөл юм. 2020 онд олимпийн наадам Токио хотноо зохион байгуулагдах бөгөөд үүнд зориулж энэхүү төслийг боловсруулжээ. Олимпийн наадам болох газрын ойролцоо эрэг дагуу маш олон хөлөг онгоц цуглана гэж тооцоолж байгаа бөгөөд эдгээрийг ашиглана хөлөг онгоцон цайз бий болгох бөгөөд ингэснээр жуулчид өөрсдийн онгоцонд байрлаж, зочид буудалд байрлах мөнгөө хэмнэх гэнэ. Мөн хөлөг онгоцон цайз болон далайн эргийг модон сал холбож хийсэн хиймэл арлаар холбох бөгөөд олимпийн наадам дууссаны дараа эдгээр модон салнуудыг барилгад ашиглаж болох юм байна.

Тэрээр “Орчин үеийн гэр” төсөлдөө Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсаныг дурьдаад Бразил улсын Куритиба хотыг маш сайн төлөвлөлттэй хотоор жишээ авч, үүнээс санаа авсан төслөө танилцуулсан юм. Куритиба хотын төв зам дагуу л өндөр барилгууд баригдсан байдаг бөгөөд зах руугаа арай намхан, бас жигд өндөртэй барилгууд байдаг байна. Түүний санал болгосноор Улаанбаатар хотын төв хэсгээс Төв аймгийн Зуунмод хотыг холсон төв зам байрлах бөгөөд үүнийгээ дагаад хотын төлөвлөлт хийгдэх аж. Ингэхдээ нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийг хослуулах боломжтой гэнэ. Зам дагуу орон сууцны хороолол байрлаж, зах руугаа малаа маллаж амьдрах дуртай хүмүүст зориулсан хөдөө аж ахуйн бүс байгуулах бөгөөд тухайн бүс дотроо нүүж, буурь сэлгэх боломжтой байхаар зохицуулах ажээ.

        Архитектор Ли Ён Ил танилцуулгандаа аливаа архитектурын бүтээлийг хийхдээ байгалиас санаа авахыг маш их хичээдэг гээд аливаа улс өөрийн гэсэн уран барилгын онол, арга зүйг боловсруулсан байх ёстой. Япон улс анхандаа Европын улс орнуудын архитектур, хэв маягийг хуулбарлахыг оролддог байсан. Одоо харин өөрсдийн онол, урсгал чиглэлийг гаргаж ирэхээр ажиллаж байна. Та бүхэн ч гэсэн бусдыг дууриах  бус өөрсдийн баялгаа бүтээгээрэй хэмээн  захиж байлаа. Ингээд тэрээр модны сүүдэр, мөчир, чулуу зэргээс санаа авч концепцоо боловсруулсан төслийн ажлуудаа үзүүлж сонирхууллаа.

        Үзэсгэлэнгийн төгсгөлд Японы “Япон архитектс” студийн захирал, эдийн засагч Ёохэй Маруяама  Монгол улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим ажлуудаа танилцуулсан юм. Тэрээр онгоцноос буугаад Зайсангийн тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол, гэр хорооллоор явж үзсэний дараа гэр хороололд л бизнес хийх боломж харагдаж байгааг дурьдаад Монгол гэр архитектурын хувьд үнэхээр төгс юм, гэвч Улаанбаатар хотод Монгол гэрийг харуулсан архитектурын бүтээл бараг байхгүйн харамсалтай гэлээ. Мөн тэрээр Монгол улсад Архитектурын сургууль байгуулах төлөвлөгөөтэй ирсэн, цаашид МАЭ-ийн эвлэлтэй хамтарч архитекторчдын ажлыг үнэлэх, дэлхий нийтэд танилцуулах талаар олон арга хэмжээг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

2015-09-28
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 43
  • Сүүлийн 7 хоногт: 490
  • Энэ сард: 1370
  • Нийт: 77884

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC