Барилгын салбарын ууган сайд Д.Гончиг агсны дурсгалыг хүндэтгэлээ

      Монгол улсын гавъяат барилгачин, БНМАУ-ын Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны анхны сайд Данзангийн Гончиг агсны мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал болж өнгөрлөө.
       Энэхүү арга хэмжээнд Барилга Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Монголын Архитекторуудын Эвлэлийн Дэд ерөнхийлөгч Д.Бат, Монголын Барилгачдын Холбооны ерөнхийлөгч М.Батбаатар, “Д.Гончиг” сангийн тэргүүн, түүний охин Г.Энхтуяа болон барилгын салбарын төрийн бус байгууллага, холбоодын удирдлага, төлөөлөгчид, ахмад зүтгэлтнүүд оролцлоо. Хурлын үйл ажиллагааг нээж МАЭ-ийн Дэд ерөнхийлөгч Д.Бат хэлсэн үгэндээ:
      “Өнөөдөр бид Монгол улсын барилгын салбарын домогт сайд Д.Гончигийн амьдрал үйлсийг нэхэн дурсахаар хуран цуглаад байна. Монгол улсыг орчин үеийн инженерийн  хангамж, дэд бүтэцтэй барилгажилтаар хангах, ард иргэд нь суурин амьдралд хэвшин сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх үндэс суурь болсон их барилгын цоо шинэ ажлыг эхлүүлэх, материал техникийн баазыг үүсгэн хөгжүүлэх, боловсон хүчинг бэлтгэх зэрэг нүсэр хүнд ажлыг удирдан зохион байгуулж, энэ бүхний үндэс суурийг тавьсан  Монгол улсын гавъяат барилгачин, БНМАУ-ын Барилга, Барилгын Материалын Үйлдвэрийн Яамны анхны сайд Данзангийн Гончигийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Гончиг сайдын удирдан зохион байгуулж бариулсан олон олон сургууль цэцэрлэг, үйлдвэр аж ахуйн газрууд  өнөөдрийг хүртэл манай улсын нүүр царай болон ажиллаж, энэ агуу хүний нэрийн хуудас болсоор байна. Мөн тэр үед байгуулсан барилгын материалын үйлдвэрүүд ажилласаар, бэлтгэсэн боловсон хүчнүүд нь өөрийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгааг энэ өдөр дурсан тэмдэглэхэд таатай байна.” гэлээ.


     БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ  хэлсэн үгэндээ: “Барилгын салбарын ууган сайд Д.Гончиг агсны мэндэлсний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний бие ажлаа хүлээн аваад удаагүй байгаа энэ үед салбарын ууган сайдын ойн арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Д.Гончиг агсан барилгын байгууллагын тулгын чулууг тавилцсан нэр хүндтэй хүн. Барилгын салбарт ажиллахдаа албан конторын ажлаас сайд болтлоо дэвшиж, ажилласан хөдөлмөрч нэгэн байжээ. Түүний баялаг түүх намтраас би бүтээсэн үйл хэрэг нь мөнхөд дурсагддаг гэдгийг ойлгож байна. Гончиг сайдын бүтээлч хөдөлмөрч үйл ажиллагаа, эх орноо гэсэн халуун сэтгэл үе үеийн барилгын салбарт ажиллагсдын үлгэр дууриалал болон үлдэх болтугай.” гэсэн ерөөлийг дэвшүүллээ.


      Монголын Барилгачдын Холбооны ерөнхийлөгч Б.Батбаатар: “Манай барилгын салбарын ууган сайд Д.Гончиг гуайн алдрыг дурсаж, арга барилыг судлах уулзалт болж байгаад баяртай байна. Барилгын салбар 100 хувь хувьчлагдсан, зах зээлийн энэ ороо бусгаа цаг үед БХБЯ, барилгын салбарын төрийн захиргааны бусад байгууллага, түүний удирдлага, мэргэжилтнүүд төлөвших, хийж бүтээсэн үйлс арвин үе үеийн гарамгай удирдагч нарын ажлын арга барилаас суралцах, эв нэгдэлтэй ажиллахад өнөөдрийн арга хэмжээ хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.  Монгол орны хөгжил дэвшлийн үндэс суурь болсон барилгын салбарын их бүтээн байгуулалтыг эхлүүлж,  орчин үеийн шинэ хотыг цогцлоохын төлөө бие сэтгэл, билэг оюун, бүх амьдралаа зориулан, барилгачин олноо удирдан чиглүүлж, идэвх урам зоригийг нь бадрааж байсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Гончиг гуайн хорвоод мэндэлсний 100 жилийн ойн баярыг хүндэтгэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн онцлоод барилгын салбарын үүсэл, хөгжилтэй салшгүй холбогдсон Гончиг агсны намтар түүхийг дурьдлаа.


         Мөн энэ үеэр Монгол улсын гавъяат барилгачин, хурандаа генерал С.Лувсангомбо Москва хотоос мэндчилгээ ирүүлснийг Д.Гончиг агсны охин Г.Энхтуяа уншиж сонирхуулсан. С.Лувсангомбо гуай мэндчилгээндээ: “Монгол улсын гавъяат барилгачин, барилгын салбарын ууган сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Гончиг агсны хорвоод мэндэлсний 100 жилийн ойг хүндэтгэн мэндчилж байна. Д.Гончиг сайд бол Монголын барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн тулгын чулууг тавилцсан хүн бөгөөд төрөлхөөс заяасан саруул ухаантай,  өөрийн бүтээлч үйлсдээ чин үнэнчээр зүтгэж барилгачин олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гарамгай удирдагч байлаа. Энэ хүний агуу бүтээл, нөр их үйлс, барилгачиддаа үлгэр дууриалал болсон ажлын арга барил, үнэт сургаалийг нь үүрд мөнхжүүлэн дурсаж явах болтугай. Зуны халуун, өвлийн хүйтэнд ч зутарч шантарч үзээгүй, босоо заяатай борог амьдралтай барилгачдын ач буян  ашид мөнх дэлгэрч байх болтугай ” гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлжээ.
         “Д.Гончиг” сангийн тэргүүн, охин Г.Энхтуяа: “Миний аавтай хамт ажиллаж байсан нөхөд нь түүнийг үнэхээр л ажлын төлөө төрсөн хүн гэдэг байсан” хэмээн аавынхаа хөдөлмөрч хичээнгүй зан чанар, бүтээлч үйлсийг дурсаад: “Монгол Улсын гавъяат барилгачин, Барилгын салбарын анхны сайд Д.Гончигийн 100 насны ойн баярыг тэмдэглэх энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилгачдын Холбоо, ахмад барилгачиддаа талархал илэрхийлье. Монгол улсад барилгын байгууллага үүсч хөгжсний 90 жилийн ойг тохиолдуулан ахмад барилгачдынхаа алдар гавъяаг мөнхлөх үүднээс өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тэднийг хүндэтгэн, алдар хүндийг нь бэхжүүлэх ач холбогдолтой.” хэмээн өгүүлсэн юм.


       Ахмад барилгачин У.Дархижав барилгын салбарт анх хөл тавихад Д.Гончиг агсан яаж тусалж дэмжиж байсан, материал техникийн бааз хомс хүнд үед бүтээн байгуулалтын ажлыг цаг алдахгүй явуулахын тулд цаг наргүй ажиллаж, ямар их хичээл зүтгэл гаргаж байсан талаар дурсан ярьсан юм. Тэрээр Улаанбаатар хотод 150 гаруй нураах шаардлагатай хуучирч муудсан барилга байгаа, эдгээрийн дотор Гончиг сайдын удирдан бариулсан Засгийн газрын ордон багтаж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд нурааж сүйтгэхгүйгээр засаж шинэчлээсэй гэж хүслээ. Ордны барилгын модон бүтээцийг тэр үед бүгдийг нь сүхээр цавчиж гар аргаар бэлтгэсэн байна. Гончиг сайд барилгын материалыг хаанаас авах, яаж бэлдэх, хэн юуг нь хийх талаар нэг бүрчилэн өөрөө зааварчилгаа өгч, бүх ажилд нь гар бие оролцжээ. Модон палк 1 см-ийн зөрүүтэй бол хүлээж авахгүй, голдог байсан талаар Дархижав гуай хуучилсан юм. Гончиг сайд хүнийг таних, тохирсон ажилд нь томилохдоо маш мэдрэмжтэй нэгэн байжээ. Мөн мэргэжлийн сургуульд сурч төгсөөгүй ч бүхнийг өөрийн хичээл зүтгэлээр, ажлын талбар дээр сурч эзэмшсэн байна.


      Монгол улсын зөвлөх инженер Ч.Баатарсүрэн: “Аливаа юм бүхэн өөрийн эхлэлтэй байдаг. Монгол орон нүүдлийн соёл иргэншилтэй, барилга байгууламж, хот суурин гэдэг зүйл жинхэнэ утгаар хөгжиж эхлээгүй цаг үед Д.Гончиг сайд орчин цагийн барилгын салбарын эхлэлийг тавьсан. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх ажлыг давхар  эхлүүлсэн. Энэ үнэхээр бахархалтай үйлс. Монгол улсын барилгын байгууллагыг 20 шахам жил удирдан чиглүүлж ирсэн хоёрхон хүн байдаг. Нэг нь О.Тлейхан сайд, нөгөөх нь барилгын байгууллагыг хоршоо, трест байхаас нь эхлээд салбар эрхэлсэн яам болтол нь хөгжүүлж, сайдаар ажиллаж ирсэн Д. Гончиг агсан юм. Өнөөдөр Тлейхан сайдын нэрэмжит Барилгын политекникийн коллеж гэж байдаг. Үүнтэй адилаар Гончиг сайдын санаачлан байгуулсан ШУТИС-ын Барилгын инженер, архитектурын сургуулийг түүний нэрэмжит болгоё гэсэн санаачлагыг дэвшүүлж байна.“


Хурлын үеэр гавъяат барилгачин Л.Шагдаррагчаа, Л.Цэрэндондог, О.Дорждэрэм, А.Цанжид, ахмад инженер Л.Мангал, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Жаргал нар Гончиг агсныг дурсаж, сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд ахмад барилгачин А.Цанжид Д.Гончиг агсанд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг нэхэн олгуулах ажлыг зохион байгуулъя гэсэн санаачлага гаргав.
       Ийнхүү гавъяат барилгачин Д.Гончиг агсны дурсгалыг хүндэтгэх уулзалт хурал амжилттай болж өнгөрлөө. Хурлын үр дүнд ирэх онд тохиох барилгын салбарын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан Д.Гончиг агсанд Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг нэхэн олгуулах тухай саналыг БХБЯ-д өргөн барих, ШУТИС-ийн БИАС-ийг түүний нэрэмжит болгох ажлыг зохион байгуулах гэсэн хоёр чухал шийдвэрийг гаргалаа.

2015-09-11
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 47
  • Сүүлийн 7 хоногт: 464
  • Энэ сард: 1554
  • Нийт: 76275

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC