ИХ ХУРАЛ

АНХДУГААР ИХ ХУРАЛ

МАЭ-ийн анхдугаар Их хурал 1972 оны 11 дүгээр сард болж, МАЭ-ийн Ерөнхийлөгч Б.Дамбийням “МАЭ-ийн тайлан, цаашид тавих зорилт” сэдвээр илтгэл тавив.

Тус илтгэлд Монгол улсын архитектур, хот байгуулалтад мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч, төв суурин газрыг Ерөнхий төлөвлөгөөгөөр хангах, түүний дагуу  барилгажуулах, орон сууцны барилгын зураг төслийг үндэсний онцлог, демографын судалгаанд тулгуурлан боловсруулах, барилга, байгууламжийн төлөвлөгөөнд уран сайхны шийдлийг онцлон анхаарч, архитекторуудыг эх орондоо бэлтгэх шаардлагатай зэрэг асуудлыг хэлэлцсэн.

Анхдугаар Их хурлаас МАЭ-ийн Ерөнхийлөгчөөр архитектор Самбуугийн Мөнхжаргал шинээр сонгогджээ.


II  ИХ ХУРАЛ

Тус Эвлэлийн хоёрдугаар Их хурал 1977 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд болж, МАЭ-ийн Ерөнхийлөгч Самбуугийн Мөнхжаргал тайлан илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Уг Их хуралд нам, засгийн удирдагч С.Жалан-Аажав, Н.Лувсанравдан, Д.Майдар, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо, намын төв хорооны хэлтсийн эрхлэгч Л.Цэрэндондог болон ЗХУ, БНБАУ, БНСЧСУ, БНПАУ-ын Архитекторуудын эвлэлийн төлөөлөгчид, ЗХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.

ЗХУ-ын Архитекторуудын эвлэлийн нарийн бичгийн дарга, “Архитектурын түүх, онол, эрдэм шинжилгээний институт”-ын захирал доктор, профессор Ю.С.Яралов, БНПАУ-ын Архитекторуудын эвлэлийн төлөөлөгч “Польшийн Архитектур” сэтгүүлийн Ерөнхий редактор А.Брушевский, Болгарын Архитекторуудын эвлэлийн фондын хорооны дарга В.Слокоски нар Их хуралд баяр хүргэж, амжилт хүсэв.

Мөн БНУАУ, КУБА зэрэг орны Архитекторуудын эвлэл болон манай улсын яам, хороодоос тус их хуралд баярын бичиг, цахилгаан утас ирүүлсэн байв. Тус Их хуралд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Барилга-архитектурын комиссын дарга С.Лувсангомбо, гавъяат барилгачин, архитектор Б.Дамбийням, УБЗТИ-ийн захирал А.Хишигт, Л.Эрдэнэ-Очир, Т.Жадамба, Д.Бат нарын архитектор, МУЭХ-ны дарга, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэм, Ардын их хурлын депутат инженер С.Чулуунбат, Хөдөлмөрийн баатар барилгачин П.Пашка зэрэг 20 гаруй хүн үг хэлж, санал шүүмжлэл гаргажээ.

Мөн их хурлаар МАЭ-ийн Ерөнхийлөгч С.Мөнхжаргалыг улируулан сонгосон байна.


III ИХ ХУРАЛ

МАЭ-ийн 3-р Их хурал 1982 оны 9-р сарын 23-ны өдөр болж МАЭ-ийн дарга А.Хишигт “Монголын архитекторуудын эвлэлийн ажлын тайлан, цаашдын зорилт” сэдэвт илтгэл тавив. Илтгэлд:

  • Нэг маягийн зургийг хавтгайруулан хэрэглэснээр төв, суурин газрууд хоорондоо ялгагдах онцлоггүй болж хот төлөвлөгчдийн ажлын уялдаа муу байгаа,
  • Орон нутгийн Засаг захиргааны удирдлагын зүгээс Ерөнхий төлөвлөгөөг үл хайхран дураар барилга байршуулдаг хандлага газар авч байгаа,
  • Хөдөөгийн суурин газрыг хот маягаар амьдралаас тасархай төлөвлөх, үйлдвэр, хөдөө аж ахуйн барилга архитектурын гоо зүйн шийдэлд анхаарал сул хандуулж байгааг шүүмжилж төв суурин газруудын гол   барилгуудыг тухайлсан зургаар барих,
  • Хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламжид байгаль цаг уурын болон, мал аж ахуй эрхэлдэг уламжлалт онцлогийг шинжлэх ухаан техникийн ололттой хослуулах зэрэг зорилтыг дэвшүүлжээ.

 Их хуралд 237 гишүүнийг төлөөлж 105 төлөөлөгч оролцжээ. Тухайлбал Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, барилга архитектур, техник хяналтын улсын хорооны дарга Ч.Сүрэн оролцож үг хэлэв.

ЗХУ-ын Архитекторуудын эвлэлийн нарийн бичгийн дарга Украйн улсын Архитекторуудын эвлэлийн дарга И.Н.Садак, БНСЧСУ-ын АЭ-ийн дэд ерөнхийлөгч, Словак улсын АЭ-ийн дарга В.Фашанг нар оролцжээ.

Уг Их хурлаас МАХН-ын төв хороо,  БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид БНМАУ-ын сайд нарын зөвлөлд илэрхийлэлт явуулж, тогтоол гарган, бүгд хурлын гишүүдэд 41 хүнийг сонгожээ. Тус бүгд хурлаас МАЭ-ийн Ерөнхийлөгчөөр А.Хишигт, орлогч даргаар Д.Бат, хариуцлагатай нарийн бичгийн даргаар С.Одон, референтээр Г.Ганбаатар нарыг сонгожээ.


IV ИХ ХУРАЛ

Дөрөвдүгээр Их хурал 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болж, МАЭ-ийн дарга Г.Лувсандорж “Монголын Архитекторуудын Эвлэлийн ажлыг нийгмийн шаардлагын дагуу өөрчлөн сайжруулья” сэдэвт илтгэл тавив.

Монгол орны архитектур, хот байгуулалт, МАЭ-ийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашид бүтээн байгуулалт, уран сайхны илэрхийллийг дээшлүүлэх, архитектур, дүрслэх урлагийн нэгдэл, харьцааг идэвхтэй илэрхийлсэн дорвитой бүтээл гаргах хэрэгтэйг онцолсон.

Тус Их хуралд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Барилга архитектур техник хяналтын улсын хорооны дарга С.Лувсангомбо оролцож үг хэлжээ.

Их хуралд 286 гишүүнийг төлөөлөн 115 төлөөлөгч оролцсон бол үүний 14 нь эмэгтэй,  101 эрэгтэй гишүүн байжээ. Их хурлаас тогтоол гаргаж МАЭ-ийн хорооны гишүүнээр 42 хүнийг сонгож үүнээс тэргүүлэгчдэд 9 хүнийг, МАЭ-ийн Ерөнхийлөгчөөр Г.Мягмар, орлогч даргаар М.Оргил, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Ц.Бат-Эрдэнэ нарыг сонгожээ.

“Архитектур нэгдэл” Монголын архитекторуудын эвлэлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор 1989 оны 6 дугаар сард байгуулагдсан. Анхны захирал Я.Шагдарсүрэн 1991 оны 7 дугаар сарын 16-аас Я.Амарсайхан томилогдов.


V ИХ ХУРАЛ

Монголын архитекторуудын эвлэлийн 5-р Их хурал 1991 онд болов. Уг их хуралд Ерөнхийлөгч Г.Мягмар “Монголын архитекторуудын эвлэлийн ойрын зорилт” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Уг илтгэлд: Манай оронд гарсан нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй МАЭ-ийн үйл ажиллагааг зохицуулан явуулах шаардлага гарч, хуучин тогтолцооны үеийн архитектур, хот байгуулалтын хөгжилд буй болсон сул дорой байдлыг халж, зохиогчийн бүтээлч, чөлөөт сэтгэлгээ, авъяас билгийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн, нийгмийн амьдралд эзлэх байр суурь, архитектурын урлагийг өөрийн жамаар нь хөгжүүлэхийн чухлыг онцлов.

Мөн цаг үеийн шаардлагад нийцүүлэн Монголын архикторуудын эрмэлзэх 5 зүйл, дүрмийг шинэчилж баталсан. МАЭ-ийн Ерөнхийлөгчөөр Г.Мягмар, нарийн бичгийн даргаар Я.Амарсайхан ажиллажээ.


 

МОНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭРМЭЛЗЭХ ТАВАН ЗҮЙЛ

НЭГ. Монголын архитекторууд БНМАУ-ын хууль тогтоомжийг дээдлэн биелүүлж, хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулахыг зорьсон ард түмнийхээ ариун үйл хэрэгт идэвхтэй оролцож, үндэсний архитектур, урлаг соёлыг сэргээн хөгжүүлэхэд хүчин зүтгэхээ нэр төрийн хэрэг хэмээн үзнэ.  

ХОЁР. Хүн төрөлхтний эрт эдүгээгийн соёл иргэншил, үнэт зүйлээс цуцалтгүй суралцан өвөг дээдсийнхээ бүтээсэн уран барилгын өв санг арвижуулж үеийн үед өвлүүлэн үлдээх уран бүтээл туурвихдаа сонгодог болон шинэ үеийн архитектурын шилдэг туршлагыг шимтэн эзэмших.

ГУРАВ. Монголын архитекторуудын гал голомтыг өвлөн бадраах залуу үеийнхний авъяас, бүтээлийг шалгуур болгон хамтын бүлдээ багтаан халамжилж, залуу үеийн залгамж холбоог батлан сахина.

ДӨРӨВ. Уран бүтээлчдийн сайн дурын үндсэн дээр мэргэжлийн байгууллага Монголын архитекторуудын эвлэл нь архитекторуудын авъяас чадвар, уран бүтээлийг үнэлэн хүндэтгэж, зохиогчийн эрхийг хамгаалан, ардчилалын үндсэн дээр хамтран ажилладаг мэргэжил нэгтний эвийн холбоо болгоно.

ТАВ. Даян дэлхийн энх амгалан, улс түмний итгэлцэл нөхөрлөлийг хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйл хэмээн эрхэмлэж, монголын ард түмний ирээдүйн сайханд чиглэсэн сайн үйл бүхнийг дэмжихийн сацуу архитектурын урлагийг аливаа үзэл суртлаас ангид байлгана.

1992 оноос МАЭ-ийн архитектурын “Мэдээ”-г улирал тутам гаргаж эхэлсэн.


VI ИХ ХУРАЛ

МАЭ-ийн 6 дугаар Их хурал 1994 оны 9-р сарын 30-нд хуралджээ. Энэ үе бол Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд зах зээлийн эдийн засгийн харилцаа бүрэлдэн тогтож, архитектор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, өмчийн олон хэлбэр бүхий аж ахуйн нэгжүүд үүсч, зураг төсөл зохиогчдын дунд шударга өрсөлдөөн буй болсон үе.

Гэвч хот, суурин газрын Ерөнхий төлөвлөгөө, барилгажилтанд баримтлах зарчим, мэргэжлийн хяналт суларч, зураг төсөлд шинжлэх ухаан-текникийн ололтыг нэвтрүүлэх мэдээлэл дутагдаж байлаа.

Түүнчлэн архитектур, хот байгуулалтын үндсэн бодлого алдагдаж, цаг үеийн байдлыг ашиглан зураг төслийг мэргэжлийн бус хүмүүс хийж ашиг хонжоо олох сөрөг үйл ажиллагаа явагдаж байгаагаас бүтээлийн чанар, нэр хүндэд нөлөөлж байгааг онцлон тэмдэглэжээ.

Тус хуралд МАЭ-ийн 325 гишүүнээс 180 архитектор оролцож МАЭ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулжээ.


IX ИХ ХУРАЛ

 2001 оны 12 дугаар сарын 8-нд болсон. Ерөнхийлөгч М.Цэлмэг тайлан илтгэлдээ  8-р Их хурлаас хойш хийгдсэн ажлыг 5 чиглэлээр багц болгон хэлэлцүүлжээ.

  • Гишүүдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах, зураг төсвийн үнийг шинэчилсэн,одоо мөрдөж буй 10 гаруй дүрэм журмыг өөрчлөхөд санал өгсөн, эвлэлийн эгнээг өргөтгөхөд анхаарч, одоо 426 гишүүнтэй болсон.
  • Гишүүдийн уран бүтээлийн чанарыг сайжруулахад анхаарч энэ чиглэлээр Австриалийн байгууллагуудтай хамтран цуврал семинар зохион байгуулснаар архитекторууд бүтээлээ харилцан хэлэлцэх ажил сэргэсэн байна.
  • Эвлэлийн дотоод үйл ажллагааг чанаржуулах, аппаратыг бэхжүүлэх, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажилласны үр дүнд “Архитектур” нэгдлийн үйл ажиллагааг сэргээх талаар анхааран ажиллажээ.
  • МАЭ-ийн аппаратын материалаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авсны зэрэгцээ 2000 оны намар МАЭ-ийн ордоны барилгын суурь тавьж, ажил эхэлжээ.

МАЭ-ийн гадаад харилцааг өргөжүүлэхэд анхаарч, ОУАХ-ны гишүүнчлэлээ сэргээж, ОУАХ-ны ХХ Их хурал, ХХI Ассемблейд оролцов.

Цаашид тавих зорилтын талаар ярихдаа: Гишүүн бүр Эвлэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, санхүүгийн хувьд үйл ажиллагааныхаа хүрээг тэлж өргөжүүлээд саадгүй ажиллах нөхцөл бүрэлдүүлэх найдвартай эх үссвэртэй болох, Ордоныхоо барилгыг даруй барьж дуусгах, дотоод ажлаа эрчимжүүлэх, улсын төсвийн захиалгат ажлыг авч гүйцэтгэх,гадаад харилцааг өргөжүүлэх, залуу архитекторуудыг гадаадад сургах зорилт тавьжээ.

Тус Их хуралд УИХ-ын дарга Л.Энэбиш оролцож үг хэлэв.


ХI ИХ ХУРАЛ

МАЭ-ийн Х1 Их хурал 2005 оны 2 сарын 25-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцож үг хэлжээ.


XII ИХ ХУРАЛ

МАЭ-ийн XII Их хурал 2007 оны 4 сарын 26-ны өдөр болж, Ерөнхийлөгч Б.Батжав  “Монголын архитекторуудын эвлэлийн үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх нь”  сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Уг илтгэлд МАЭ–ийн гишүүдийн тоо нэмэгдэж, гадаад харилцаа өргөжсөн, “Архитекторуудын ёс зүйн хэм хэмжээ” стандартыг батлуулж мөрдүүлсэн, МАЭ-ийн 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн, МАЭ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ЗТБХБ-ын сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг хийсэн ажлаа тайлагнан цаашид хийх ажлын зорилтыг тодорхойлсон байна.

МАЭ 300-гаад гишүүдийн татвараар санхүүжээд \ихэнх нь төлдөггүй\ үйл ажиллагаа  явуулах ямарч боломжгүй, архитекторуудад лиценз, зэрэг дэв олгох, тэдгээрийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, зураг төслийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, зураг төслийн эскиз, техникийн төслийн  шатанд барилга, архитектурын шийдэлд мэргэжлийн зөвлөмж, дүгнэлт өгөх, зохиогчийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг ажлуудыг төрийн захиргааны байгууллагын өмнөөс мөн хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиролцоод байгаа талаар ярьжээ.


XIII ИХ ХУРАЛ

МАЭ-ийн 13 дугаар Их хурл 2009 оны 12 сарын 12-ны өдөр болсон.

Их хурлын тайлан илтгэлийг ерөнхийлөгч Б.Батжав тавьж хэлэлцүүлжээ.

Энэ илтгэлд Эвлэлээс хийсэн ажлаа тайлагнахын зэрэгцээ дэлхийн архитектурын хөгжлийн чиг хандлага, орчин үед өөрчлөгдөж буй архитекторуудын нийтлэг үүрэг зорилтыг манай архитекторууд  хэрхэн ажил амьдралдаа хэрэгжүүлэх тухай шинэлэг санааг хөндөж дэвшүүлсэн байна.

 Тухайлбал: Өнөөдөр архитекторууд дэлхийн хамгийн тулгамдсан асуудал болох хот суурин газрын экологийн орчныг сайжруулан эрүүлжүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг хангах, эрчим хүч, цэвэр усны хэрэглээг бууруулах, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх шийдэл, технологийг барилга байгууламжийн төлөлөлтөнд тусгаж цаг уурын өөрчлөлт, агаарын дулаарлыг хязгаарлах арга замыг хайж байна.

Дээрх ажил Азийн бүс нутагт эрчимтэй явагдаж байна. Азийн архитекторуудын бүсийн зөвлөлийн гишүүн 17 орноос 12 нь дээрх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Ногоон стандарт” боловсруулан зураг төсөл, барилгын ажилд мөрдөж байна. Архитекторуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, мэргэжлээрээ олон улсын хэмжээнд ажиллах нөхцлийг хангах зорилт дэвшүүлжээ.

Тайлангийн хугацаанд МАЭ-ийн хийсэн томоохон ажлын нэг нь яах аргагүй Азийн архитекторуудын бүсийн зөвлөлийн 15 дугаар хурлыг анх удаа эх орондоо зохион байгуулсан явдал юм. Энэ хуралд гишүүн орнуудаас гадна ОХУ-ын төлөөлөгчид ажиглагчаар оролцож, 230 сая төгрөг зарцуулжээ.

Хурлын үеэр зохион байгуулж дүгнэсэн оны шилдэг Архитектурын бүтээлийн уралдаанд Г.Нямцогтын зургаар зассан “Эрдэнэ-Зуу” хийдийн барилга шалгарч Г.Нямцогт   алтан медаль хүртсэн баярт үйл явдал тохиосон юм.

Мөн 2008 оны 7-р сарын 1-нд Эвлэлийн байр, эд хогшлийн хамт бүрэн устаж, урьдчилсан тооцоогоор 363 сая төгрөгийн хохирол учирсан ч шинэ байр барих газар авсан, тэнд барих барилгын зургийн уралдаан зарлаж дүгнэсэн тухай, цаашид МАЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах санал дэвшүүлжээ.

Тус Их хурлаас МАЭ-ийн Удирдах Зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй баталж, Эвлэлийн Ерөнхийлөгчөөр Э.Хүрэлбаатар, дэд ерөнхийлөгчөөр Д.Бат нарыг сонгов. Удирдах Зөвлөлийн гишүүд:Г.Мягмар, М.Батбаяр, Д.Балдан, Ч.Цэцгээ, Ц.Баярхүү, О.Оюунболд Н.Мөнхбаяр, Э.Пүрэв-Эрдэнэ, Б.Батболд нар сонгогдов.


ХIV ИХ ХУРАЛ                   

                МАЭ-ийн Х1Ү Их хурал 2014 оны 2 сарын  22-нд болж, ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар “Монголын архитекторуудын эвлэлийн өнөөгийн байдал, цаашид тавих зорилт” илтгэл тавьж хэлэлцүүлэв. Уг илтгэлд: МАЭ-ийн хийх ёстой архитекторуудын  давтан сургалт, архитекторуудад зэрэг дэв олгох зэрэг гол ажлуудыг бусад байгууллага хийдэг зохисгүй тогтолцоо үүссэнийг шүүмжилж, тэдгээрийг МАЭ хийж байх эрх зүйн үндсийг бий болгох, мөн архитектурын тухай хуулийн төсөл боловсруулах зэрэг ОУАХ-ноос зохиодог ажилд МАЭ-ийн үйл ажиллагааг уялдуулах арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлов. Мөн МАЭ-ийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөж, охроодын зохион бүтэцтэй болгов.

             Их хурал Э.Хүрэлбаатарыг ерөнхийлөгчөөр Д.Батыг дэд ерөнхийлөгчөөр улируулан сонгов.

                                                             


 

2015-04-08
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 21
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1150
  • Нийт: 66680

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC