МАЭ Танилцуулга

Монгол оронд 1921 оноос нийгмийн шинэ хэлбэр бүрэлдэн тогтож зам тээвэр, харилцаа холбоо, инженерийн хангамжтай үйлдвэр үйлчилгээ, барилга байгууламж, хот суурин барих их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр орчин үеийн архитектур үүсч хөгжих эхлэл болсон.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхээр 1926 онд Барилгын хоршоо, 1929 онд Барилгын зургийн үндэсний албыг байгуулснаар архитектур нь монголын соёл, урлагийн гол салбарын нэг болон хөгжиж эхэлсэн.   

1948 онд Буджавын Чимэд ЗХУ-ын Москва хотын Архитектурын Институт төгсч анхны монгол архитектортой болсон. Түүнчлэн 1956 оноос зургийн байгууллага 2 архитектортой болон, техникч-архитектор,  инженерүүдээр хүрээгээ тэлсэн юм.

МАЭ-ийг байгуулах эрх зүйн үндэс нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 10

дугаар сарын 23-ны өдрийн “Барилгын урлаг-төлөвлөлийн ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” 545 дугаар тогтоол юм. Уг тогтоолоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Архитектур-төлөвлөгөөний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Барилгын урлаг-төлөвлөл эрхлэх газар болгоод монгол оронд барилгын урлагийг хөгжүүлэхтэй холбогдсон иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг заасан.

Мөн ХҮ дугаар зүйлд “Монголын урчуудын эвлэлийн дэргэд барилга ба барилгын урлагчийн бүлгийг байгуулсугай”, ХҮI зүйлд “Барилга ба барилгын урлагчийн бүлгийн дүрмийг нэг сарын дотор боловсруулж батлахыг Урчуудын эвлэлийн ерөнхий хороонд даалгасугай” гэжээ.  

Иймээс архитектор Б.Чимэд, Б.Дамбийням болон төгсөх ангийн оюутан А.Хишигт нар санаачилан 1956 онд Монголын Урчуудын Эвлэлийн дэргэд архитектор, инженер, зургийн техникч, урчуудаас бүрдсэн 31 хүний бүрэлдэхүүнтэй “Барилга ба барилгын урлагчийн бүлэг”  байгуулан, даргаар нь Б.Чимэдийг сонгожээ.

Уг  бүлэг байгуулагдсан 1956 оныг  МАЭ-ийн үүссэн он гэж үздэг юм. Уг бүлгийнхэн 1958 оны 11-р сард дүрмээ боловсруулж, бүх гишүүдийнхээ хурлаар түр мөрдүүлэхээр батлан Монголын Архитекторуудын Эвлэл нэртэй бие даасан олон нийтийн байгууллага болсон түүхтэй.

1957 онд А.Хишигт цаашлаад Т.Мишиг, Я.Шархүү, Н.Уртнасан, Ү.Цэрэндорж, Д.Өлзийхишиг, Г.Батбаяр, Ч.Дагшигдорж, Д.Чойжилжав, Ц.Буян, С.Мөнхжаргал нар ЗХУ-д архитектурын сургууль төгсч ирсэн.

Монгол Улс 1961 онд Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөлд ( ЭЗХТЗ ) элссэн нь архитектурын хөгжил, архитекторыг сургахад  ихээхэн тус дэмжлэг болсон. Энэ үеэс дээрх Зөвлөлийн гишүүн орнуудын өндөр мэдлэг, ажлын туршлагатай архитектор, инженер, барилгачид бидэнтэй мөр зэрэгцэн ажилласнаас гадна залуус ЗХУ-аас гадна БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСЧСУ, БНСРУ, БНУАУ, ХБНСЮУ-д архитектор, инженер мэргэжлээр суралцаж, эх орныхоо архитектур, хот байгуулах үйлст хүчин зүтгэж эхэлсэн.

Мөн 1973 оноос дотооддоо архитектор сургаж эхэлснээр зураг төслийн байгууллага цаашлаад аймаг, хотыг архитектороор хангах, гадаад архитекторын тоог цөөлөхөд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. 1980-аад оноос аймаг хотуудыг Ерөнхий архитектортой болгосон нь аймаг хотуудын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Манай улс 1990-ээд оноос зах зээлийн харилцаанд шилжсэнээр МАЭ болон архитекторууд Ази, Америк, Скандиновын орнуудын архитектур, хот байгуулалтын ололт амжилттай танилцах, хамтран ажиллах өргөн боломжтой болж, улмаар дээрх орнуудад архитектор, инженерүүд суралцаж төгсөх боллоо. Өнөөдөр Монголын архитекторуудын эвлэл КУБА, БНТУ, ЯПОН, БНАСАУ, БНСУ, ВЬЕТНАМ, АНУ-д төгссөн архитекторуудаар эгнээгээ өргөтгөж 500-аад гишүүнтэй болоод байна.                                        

МАЭ-ийн удирдах дээд байгууллага нь Их хурал бөгөөд анхны Их хурлаа 1973 онд хийж байсан бол өнөөдрийн байдлаар нийт 13 Их хурал хийгээд байна.

Тус эвлэл нэрээ 1963 онд  Монголын архтекторуудын эвлэлийн хороо, 1982-1988 онд Монголын Архитекторчдын Эвлэл болгож байжээ. МАЭ-ийн анхны ерөнхийлөгчөөр  БУДЖАВЫН   ЧИМЭД , хоёрдахь ерөнхийлөгчөөр  БАНЬДИЙН ДАМБИЙНЯМ, гуравдахь ерөнхийлөгч САМБУУГИЙН МӨНХЖАРГАЛ, дөрөвдэх  ерөнхийлөгчөөр \дарга\ АЮУРЫН ХИШИГТ, тавдахь  ерөнхийлөгч \дарга\ ГАНЖУУРЖАВЫН  ЛУВСАНДОРЖ, зургаадахь ерөнхийлөгч ГОМБЫН МЯГМАР, долоодахь ерөнхийлөгч МЯГМАРЖАВЫН ЦЭЛМЭГ, наймдахь ерөнхийлөгч  БАТХУЯГИЙН БАТЖАВ, есдэх ерөнхийлөгчөөр ЭРДЭНЭСАЙХАНЫ  ХҮРЭЛБААТАР ажиллаж байна.

МАЭ гадаад харилцаагаа өргөжүүлэхэд байнга анхаарч, чухал ач холбогдол өгч ирсэн. МАЭ-ийн төлөөлөгчид анх удаа 1958 онд Москва хотод болсон ОУАХ-ны (UIA) 5 дугаар Их хуралд Барилгын хорооны дарга Д.Майдараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажиглагчаар оролцож, МАЭ  гишүүнээр элсэх хүсэлтээ ОУАХ-нд тавьсан. 

1963 онд Куба Улсын нийслэл Гавана хотод болох ОУАЭ-ийн 7 дугаар Их хурал болон Мексик Улсын Мехико хотод үргэлжлэн хуралдах Ерөнхий ассамблейн 8 дугаар Их хурлаар МАЭ-ийг ОУАЭ-д гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэх болж МАЭ-ийн ерөнхийлөгч Б.Чимэд тэргүүтэй төлөөлөгчид дээрх хурлуудад оролцож, Монголын архитекторуудын эвлэл Олон улсын архитекторуудын холбоонд элссэн тэмдэглэлт үйл явдал түүхэнд мөнхөрсөн.

Тус Эвлэл 1978 оны 12 сард ЗХУ-ын Архитекторуудын эвлэлтэй хамтран ажиллах Протокол байгуулсан нь манайдаа анхных юм. 1983 оны 12 сарын 14-20-ны өдрүүдэд  социалист орнуудын АЭ-ийн удирдах ажилтны ээлжит зөвлөгөөнийг анх удаа Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж, олон улсын арга хэмжээг эх орондоо зохион байгуулах эхлэлийг тавьсан. Үүний дараа тус Эвлэл БНБАУ, БНАГУ, БНСЧСУ-ын АЭ-тэй хамтран ажиллах Гэрээг байгуулан ажиллажээ.

МАЭ-ийн ерөнхийлөгч Г.Мягмар тэргүүтэй төлөөлөгчид 1991 онд Бээжин хотноо болсон Азийн 15 орныг эгнээндээ багтаасан Азийн архитекторуудын бүсийн зөвлөлд (АРКАЗИА) гишүүнээр элссэн нь   МАЭ-ийн  гишүүд  бүс  нутгийн  архитекторуудын эвлэлийн үйл ажиллагаа, архитектурын оюутнуудын цугларалтанд оролцох, өөрийн орны архитектурын бүтээлийг хэвлүүлэх, шилдэг бүтээлийн уралдаанд оролцох зэрэг өргөн боломж нээгдсэн. Мөн дээрх орны мэргэжлийн сэтгүүл, мэдээг авч танилцах, ашиглах боломжтой  боллоо.

Одоо ОХУ, БНАСАУ, БНХАУ, БНСУ,Япон, Шевицарь улстай хамтран ажиллах Протокол байгуулаад байна.

Манай улсаас архитектор Ш.Цэвэлмаа, О.Саранцацрал нар 1991 онд Дани Улсын нийслэл Копенгаген хотод болсон Олон улсын эмэгтэй архитекторуудын (UIFA) 9 дүгээр Их хуралд анх оролцжээ. Архитектор С.Намжилмаа, Ө.Инна, Э.Дондмаа, инженер Б.Соёлмаа нар хамтран эмэгтэй архитекторуудын “Шүрэн шүтээн” холбоог 2001.01.18-ны өдөр байгуулжээ.

МАЭ архитектурын шилдэг бүтээл бий болгох, архитекторуудын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уран бүтээлийн уралдааныг зарлаж, дүгнэх журамтай болж түүнийхээ дагуу ажиллан, улмаар шилдэг бүтээлд олгодог МАЭ-ийн нэрэмжит шагналыг 1976 онд бий болгосон. Мөн  МАЭ-ийн Ү Их хурлаас  архитектурын бүтээлд “Оны тэргүүн бүтээл” шагнал олгох журам баталж, уг шагналыг 20 гаруй архитектор хүртээд байна.

Өөрийн хэвлэлтэй болох зорилгоор анх “БАРИЛГАЧИН” сэтгүүлд хавсралтаар материал нийтэлж байснаа 1992 оноос Архитектур, хот байгуулалтын “МЭДЭЭ” сонин гаргаж байжээ. Ингээд талийгаач архитектор Г.Золжаргалын санаачилгаар 2005 оноос “МОНГОЛЫН АРХИТЕКТУР” нэртэй мэргэжлийн сэтгүүл жинхэнэ утгаараа гарч эхэлжээ. МАЭ 2010 онд уг сэтгүүлийг мэдэлдээ авч байнгийн сэтгүүл болгон ажиллаж байна.  

Мөн “Архитектурын сургуулиудын оюутны дипломын болон курсын төслийн үзлэг зохион байгуулж, шалгаруулах журам”, “Улсын архитектур, хот байгуулалтын зөвлөлийн дүрэм”-ийг тус тус баталжээ.

Монголын архитекторуудын зөвлөлийн 1995.12.22-ны өдрийн шийдвэрээр: “...МАЭ-ийн гишүүд буюу байгууллага аж ахуйн нэгжүүдэд боловсруулсан зураг төсвийн үнийн 0.9 хүртэл хувийг МАЭ-д шимтгэл болгон оруулж, МАЭ-ийн гишүүдийн эрх ашиг, үйл ажиллагааг дэмжих сан байгуулах нь зүйтэй...” гэж тогтжээ.

МАЭ-ийн 3 дугаар Их хурал \1982он\, 4-р Их хурал \1988он\ -ын материалыг болон 1994-1996 онд МАЭ-ээс хийсэн ажлыг эмхэтгэн хэвлүүлж хойч үедээ үлдээсэн байна.

МАЭ Монголын архитекторуудын тухай Г.Балданжав  “Монголын уран барилгын хөх сүмбэр оргилууд” нэртэй анхны номыг МАЭ-ийн 45 жилийн ойгоор, Г.Лувсандорж  “Хүн хорвоо” хэмээх хоёрдахь номыг, Б.Даажавын “Монголын архитектурын түүх” 3 боть номыг 50 жилийн ойгоор  гаргажээ.

МАЭ 3 дугаар Их хурлынхаа өмнө хөдөө орон нутагт архитектурын тухай кино, лекц, өнгөт диапозитив, фото үзэсгэлэн гаргаж хөдөлмөрчдийн талархал хүлээж байсан. Мөн ууган архитектор Б.Чимэдийн уран бүтээлийн үзэсгэлэн болон “ЗХУ-ын орчин үеийн архитектур”, “ЗХУ-ын Дундад Азийн Бүгд Найрамдах Улсуудын архитектур”, “Болгарын архитектур”, “БНАГУ-ын архитектур” фото зургийн үзэсгэлэнг эх орондоо гаргахын зэрэгцээ ЗХУ, БНБАУ, БНУАУ, БНСЧСУ-д “БНМАУ-ын архитектур” үзэсгэлэнг гаргасан байна.

МАЭ-ээс А.Хишигт 1987 онд ЗХУ-ын АЭ-ийн хүндэт гишүүн, Б.Батжав 2008,2011 онд БНСУ-ын бүртгэлтэй АЭ-ийн, 2009 онд Япон Улсын архитекторуудын эвлэлийн, Э.Хүрэлбаатар 2011онд  БНСУ-ын бүртгэлтэй Архитекторуудын эвлэлийн хүндэт гишүүнээр сонгогдоод байна.       

2005 оноос Монголын архитекторуудын эвлэл Дэд бүтцийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран “Мэргэшсэн архитектор” зэрэг олгож байсныг тус эвлэлээс салгаж, том алдаа гаргасныг тэмдэглэх хэрэгтэй.  

Монгол архитекторуудын оюун ухаанаар Монгол нутагт шинэ шинэ хот, суурин, орд харш сүндэрлэн босч Монгол Улсын түүхийг чулуугаар урлан бүтээж үеийн үед мөнхлөх их үйлс урагшилсаар, үргэлжилсээр  байна. Та бүхний бүтээл монголын ард түмний нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээж байх болтугай.

 

           Ийнхүү Монголын архитекторуудын эвлэл  59 жилийн түүхийг ардаа орхижээ.

 

2015-04-08
Бидэнтэй нэгдэх
Статистик
  • Өнөөдөр: 21
  • Сүүлийн 7 хоногт: 438
  • Энэ сард: 1150
  • Нийт: 66680

© 2015 МАЭ

Developed by Super Assist Systems LLC